ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн ажилтнууд хоёр дахь жилдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н сургалтад хамрагдлаа. Сургалтыг МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн сургагч багш, Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “ХАБЭА-н бодлого, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд удирдан явуулсан юм. Өнгөрсөн 2017 оны байдлаар үйлдвэрлэлийн ослын улмаас 200 гаруй хүн гэмтэл бэртэл авч, 24 хүн амь насаа алдсан байна. Үүний дийлэнх нь зам, барилгын салбарт гарсан байдаг тул захиалагч компанийг өндөр хяналт, шаардлага тавьж ажиллах учиртайг тодотгосон юм. Мөн сургалтын үеэр аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, хамтын гэрээ байгуулах, хоргүйжүүлэх бүтээгдэхүүнийг ажилтнууддаа олгох зэрэг олон асуудлыг хөндсөн юм.