ХИЛИЙН ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хилийн Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Уг бүтээн байгуулалтыг Бүгд Найрамдах Хятад Ард улсын 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилэн, зэсийн баяжмал экспортлох хоёр, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор барина.

02 Post.jpg

Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн телехяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгана.

03 Post.jpg

Гашуунсухайт боомт нь нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоогийн зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй экспортын хэрэгцээ шаардлагад хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүйн улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн дараалал үүсгэж, иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн “нүүрсний хулгай” зэрэг хууль бус, маргаантай үйлдлүүд гарсаар байна.

04 Post.jpg

Боомтыг шинэчлэлээр нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, экспортын байгалийн баялгийн чанар, тоо хэмжээг бүрэн тодорхойлж татварыг бүрэн хурааж, Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлт, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.

05 Post.jpg

Мөн боомтын хяналтын байгууллагуудын алба хаагчид одоогоор түр орон сууц, контейнэр болон нэг өрөөнд олуулаа оршин суух ба алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдийн нийгмийн хангамжийг бүрдүүлсэн байгууламж байдаггүй. Тиймээс төлөвлөлтөөр боомтын хяналтын байгууллагуудын алба хаагчдын орон сууцны хотхоныг боомтоос 8км зайд буюу машины хөл хөдөлгөөн, тоос тоосонцор, автомашины утаа, нүүрс зэргээс хол байрлах Хайрхан баг дээр байгуулахаар төлөвлөсөн. Тус хотхон нь нэг маягийн орон сууцны 5 барилга, нийт 44 айлын багтаамжтай бөгөөд авто зам, дэд бүтцийн байгууламж, инженер шугам сүлжээний хамт төлөвлөж өгсөн нь тус боомтын алба хаагчдын амьдрах таатай орчныг цогцоор нь шийдвэрлэж өгөх юм.