Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн шав тавилаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжүүлэх Замын-Үүд хилийн боомтын өргөтгөл шинэчлэлийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.

333.jpg

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэ Жунь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Дан Инжие, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон холбогдох албаныхан оролцсон юм.

111.jpg

Энэ үеэр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ: “БНХАУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын төв цогцолборын барилгуудыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулна. Бид богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд ихээхэн шахаж ажиллана. Үлдсэн гадна тохижилтын ажил болон ногоон байгууламжийг цогцолбор ашиглалтад орсны дараа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй. "Хилийн боомт" дэд төслийн хүрээнд бусад боомтуудыг ч өргөтгөн шинэчлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Тухайлбал энэ жил Гашуунусухайт боомтын барилга угсралтын ажил мөн эхлэхээр бэлтгэл ажил хийгдсэн” гэлээ. Боомтын шинэчлэлийн ажилд Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн дугаар анги, буулгах ажилд оролцсон бол барилга угсралтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Жунмэй Инженеринг Групп", менежментийн багаар "China IPPR International Engineering Corporation" шалгаран ажиллаж байна.

Хилийн Замын-Үүд боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10-р сард дуусган хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд түр горимд шилжүүлсэн. Хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулаад байгаа аж.

hil.jpg