Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс өнөөдөр (2023.02.14) Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.

Боомтын шинэчлэлийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж тус боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж баригдах төлөвлөгөөт ажлуудыг хийхээр эхлүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд тус боомтын зорчигч тээврийн цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, хилийн хяналтын албан хаагч нартай уулзлаа. Хоёр оны зааг дээр тус цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авсан юм. Харин тус хилийн боомтын ачаа тээврийн цогцолборын барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, автозам талбайн барилга угсралтын ажлыг 2023 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.