diip slide 1
diip slide 1
diip slide 1
previous arrow
next arrow

“ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ДЭД БҮТЦИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж боомтыг албан ёсоор нээж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын сэргэлтийн бодлого байсан. Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна. 
Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” гэлээ.

Тус төсөл нь БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжийн 233.5 сая юань, Монгол улсын төсвийн 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж, зорчигч тээврийн цогцолборт шинээр 9500м2 талбайтай шалган нэвтрүүлэх терминал бүхий 30-н  барилга байгууламж, ачаа тээврийн  цогцолборт 28-н барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтцийн шугам, 11 км цахилгаан хангамжийн шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Хуучин боомтын барилга  байгууламж, зам талбай дэд бүтцийг бүрэн шинэчилж зорчигч шалган нэвтрүүлэх  цогцолборыг 19,7 га талбайд төлөвлөж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох чиглэлд 20, гарах чиглэлд 24 эгнээтэй болгон өргөтгөлөө. Мөн ачаа тээврийн  цогцолборыг 14,9 га талбайд тусад нь төлөвлөж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох чиглэлд 22, гарах чиглэлд 5 эгнээтэй болгон өргөтгөж нэмэлтээр транзит тээврийн орох гарах урсгалтай болголоо.

Ингэснээр зорчигч нэвтрүүлэх  хүчин 4 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэх боломж бүрдсэн юм.

Боомтын бүтээн байгуулалтын төсөлд Монгол улсын Сангийн яамны харьяа ‘‘Хөгжлийн хөтөч-дэд бүтэц’’ төслийн нэгж, БНХАУ-ын Ай Пи Пи Ар Менежментийн компани захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн бол төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Жунмэй Инженеринг Групп Компани ажилсан.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын нөлөөгөөр олон хүндэрлүүд тулгарсан ч боомтын бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйгээр зохион байгуулж БНХАУ-ын талаас 300 орчим, монгол улсын аж ахуйн нэгжийн 400 гаруй инженер техникийн ажилчид оролцлоо.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд нэгдсэн  удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авто рентген бусад хилийн хяналтын тоног төхөөрөмжүүд суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж бараа бүтээгдэхүүнд тавих хяналт сайжирч, татварыг бүрэн ноогдуулж, үндэсний хөгжлийн урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Ийнхүү Монгол улсын засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Боомтын сэргэлт”-н хүрээнд хэрэгжүүлж буй Замын-Үүд боомтын бүтээн байгуулалт нь экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх аялал жуулчлалыг дэмжих, улмаар Монгол улсын эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах төсөл болж чадсан юм.