Хилийн ГАШУУНСУХАЙТ боомтын бүтээн байгуулалтын ажил

Хилийн Гашуунсухайт боомт нь 1992 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын Ганц мод боомттой хиллэдэг. манай улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд байдаг бүс нутагт байршдаг бөгөөд нүүрсний экспортын 50 гаруй хувь, зэсийн баяжмалын 57 хувийг экспортолдог, гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр хамгийн том стратегийн өндөр ач холбогдолтой боомт гэдгээрээ онцлог.

Боомтын бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал хэтэрсний улмаас олон хүндрэлүүд тулгарч байсан.

Монгол улсын засгийн газар, боомтын сэргэлтийн үндэсний хорооноос хилийн хяналт шалгалтыг боловсронгуй болгох, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэн, зорчигчдод ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, хил хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс Гашуунсухайт авто замын боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 09-р сард эхлүүлсэн.

Тус төсөл нь БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн.

Боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг нийт 31.9га талбайд төлөвлөж, 4188м2 шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох чиглэлд 3, гарах чиглэлд 3 эгнээ, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд 6 эгнээ болгон өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо дохиолол камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэг, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна.
Ингэснээр зорчигч болон ачаа тээвэр нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин нэмэгдэх боломж бүрдсэн.

Мөн боомтын ажилтнуудын орон сууцны барилгыг Гашуунсухайт боомтоос 8.6 км зайд байрлах Хайрхан багийн нутаг дэвсгэрт төлөвлөж, боомтын ажилтнуудын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас цаг хугацаа зардал мөнгөний хүндрэлүүд тулгарсан ч бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол улсын аж ахуй нэгжийн 50 ажилтан, БНХАУ-ын талаас 258 ажилтан, нийт 308 инженер техникийн ажилчид оролцлоо.

Боомтын бүтээн байгуулалтын төсөлд Монгол Улсын Сангийн Яамны харьяа ᠎‘‘Хөгжлийн хөтөч-дэд бүтэц᠎’’ төслийн нэгж, БНХАУ-ын Ай Пи Пи Ар Менежментийн компани захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн бол төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Жунмэй Инженеринг Групп Компани ажилласан.

Ийнхүү Монгол улсын засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, “Боомтын сэргэлт᠎᠎’’-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалт нь тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах төсөл болж чадсан.